Аялалын тэмдэглэл — Хорвоогийн хамгийн хачирхалтай хот Chongqing

Chongqing — 重庆 — Чунчин хот нь БНХАУ-д өөрийгөө шууд удирддаг статустай 4 хотын нэг юм.

·

13 min read

Энэ хот нь захиргааны бүстээ (city proper) 30 сая буюу дэлхий дээрх ХАМГИЙН олон хүн амьдардаг хот. Энэ үзүүлэлт нь албан ёсны өргөмжлөл бөгөөд дэлхий дээрх бүх хотууд дундаас ХАМГИЙН СОЛИОТОЙ нь хэмээн албан бусаар цоллож бас болох юм шиг. Яагаад гэдгийг бичихэд миний чадвар дутах боловч зарим хачирхалтай зүйлсийг нь чадан ядан илэрхийлэх гэж оролдоё. Энэ газрын талаар нэгд нэггүй бич гэвэл энэ хүн юун галзуу хүний өдрийн тэмдэглэл бичээд байна аа гэж бодож магадгүй шүү…

Би бээр Хангуг орноос гэртээ хүрэх замыг зүгээр л 2 цаг онгоцонд уйдаж сууж ирэх биш илүү адармаатай, адал явдалтай байдлаар төлөвлөхийг хүссэн юм. Кун-фу, шаолин гардаг “жинхэнэ” Хятад киноны эртний бөглүү тосгоныг үзэх эсвэл санаанд багтамгүй зүйлсүүд гэхээр л хүмүүсийн толгойд яагаад Хятад орж ирдгийн хариултыг мэдэх гэж хэн бүгдийн очиж байгаагүй “этгээд” газар очхийг л хүсэж байлаа. Нэгэн найз маань хэд хэдэн газар зөвлөсний дараа уран зөгнөлт Blade Runner 2049 киног санагдуулам дээрх зургийг надад харуулав.

Мэдээж энэ Photoshop хэтрүүлэгтэй зураг боловч Chongqing хот нь өөрөө кинон дээр ч харагдаж байгаагүй олон хачирхалтай зүйлсийн бүрдэл юм байна гэдгийг судалж мэдсэний эцэст шийдвэрээ гаргалаа. Энэ л яг миний очхийг хүсээд байсан газар мөнөөс мөн! Дараах шалтгаануудын улмаас:

  • Эх газрын Хятадын чанх голд байрлалтай буюу тэнд хүрэх зам тийм амар биш.

  • Google-ээс chongqing гэсэн түлхүүр үгээр хайхад гарч ирэх зургууд аялалд дуртай ямар ч хүний сэтгэл зүрхийг зүсэж, хөлийн улыг загатнуулна.

  • Дэлхий дээрх хамгийн өндөр тунгийн найрлагатай халуун ногоотой хоол иддэг газар бол Хятадын төв хэсэг (Hunan, Sichuan)

  • “Хэрэв та Хятад хүн биш л бол энэ хотоос хэзээ буцах замаа олж, ээж дээрээ очиж чадахгүй” гэж нэгэн аялагчийн блог дээр бичсэн байсан :))

  • Хятад орон гүн лүүгээ орох тусмаа харанхуй бүдүүлэг тул бидний мэддэг хэлээр ярих хүн олдохгүй. Энэ нь ханз үсгийн мэдлэггүй, таг хэлгүй үүргэвчтэй Монгол аялагчийг тэрбум хүн дунд ороод хэр хол явж чадахыг сорих хамгийн сонирхолтой арга юм.

Ингээд аялалдаа гарцгаая…

Chongqing нэрийг утгачилбал Chong — Double, Qing — Celebration буюу “Давхар Баяр” гэсэн утгатай. Уншигч та Chungking хэмээх нэрийг хаа нэгтэйгээс уншиж байсан байх. Chongqing болон Chungking хэмээх үгс угтаан нэг зүйл бөгөөд яг л Бээжинг заримдаа Пекин гэж дууддагтай адилхан юм. Уг хот нь дэлхийн II дайны үед улсын нийслэлийн үүргийг гүйцэтгэж байсан ба тухайн цаг үед БНХАУ-г үндэслэгчид болох нөхөр Мао Зедунь, Жоу Энлай нар хувьсгалын улаан тугийг мандуулах агуу үйлийн эхлэлийг энэ газраас эхлүүлсэн гэх юм билээ. Улсын анхны гэх тодотголтой олон зүйлс мөн уг газар бий.

Хот тэр чигтээ төөрдөг байшин — Бүх юм нь ойлгомжгүй хот

Зүгээрээ би олон газраар явж сурсан юм чинь хаана ч байсан төөрөхгүй гэж та бодож магадгүй. Аа гэхдээ үгүй ээ… Энэ хотыг л зөвхөн тусад нь авч үзэх хэрэгтэй. Нээрээ шүү… Хятад хүн хүртэл төөрөөд “ёстой хэрэг алга” гэж байсныг би амнаас нь сонссон. Хот хэтэрхий зохион байгуулалт муутайгаас болж Baidu map нь хүртэл гудамж бүрийг нарийн детальчилж өгөөгүй юм байх. Хажууд нь миний Maps.me зүгээр л зүг чиг заадаг луужин барьсантай ижил байв. Байрлах буудлаа олох гэж л хэсэгхэн тойрог газар шөнийн 3 цаг хүртэл төөрөлдсөн.

Уулан дээр баригдсан хот — Map дээр зорьсон газраа ирчихсэн хэмээн зааж буй авч тэр газар нь чанх байх дээр байх бөгөөд түүнд хүрэхийн тулд багадаа км тойрч алхана.

Хэдэн давхарт яаж яваад байгаа, аль нь орц, аль байшингийн дээвэр эсвэл гудамж… энд ерөөсөө ойлгомж байхгүй. Барилгын аксиом ёсоор бид бүхэн байшингийн орцоор ороод лифтээр дээшээ өгсөхөд газраас хөндийрч байшингийн дээвэр хүртэл явдаг байтал энд заримдаа тэр өндөрлөгт машин замтай, хүн бужигнасан дахин нэг гудамж угтаж магадгүй. За тэгвэл эсрэгээрээ бас нэгэн байшинд ороод лифтэнд суугаад 8-р давхар дээр дарахад та доошоо уруудах ч мөн боломжтой гэсэн үг. Машин түгжирсэн бас нэгэн гудамжаар алхаж байгаад нэгэн хашлагад тулж очоод доошоогоо хартал айлуудын тагт харагдав, WTF?!? Үнэндээ би гудамж биш байшингийн дээвэр дээр алхаж байж л дээ.

Барилга — Цементэн ой

Зөвлөлт загвар манай улсад бүтээж өгсөн бас нэгэн зүйл нь маш том зай талбайтай, тоглох талбай, цэцэрлэгт хүрээлэн бүх зүйлс нь бүрэлдсэн цэгцтэй хороолол. Яг түүний урвуу загвар болох тэгж их шигүү шамбааралдсан орон сууц нэг дор байхыг энэ хотод л анх харж билээ. Зэвүүн зэхэр өнгөтэй, тэнгэр баганадсан өндөр тэгснээ бүдүүн гигант барилгууд. Дөрвөлжин шугамтай дэвтэр харж буй мэт л нүд эрээлжлэм…

Барилга байгууламжуудын гаж тогтолцооны талаар дээр бичсэн шиг тухайн барилгын дунд давхруудад эсвэл дээвэр дээр машин зогсоол байх нь хэвийн үзэгдэл.

Мөн таны явж байсан байшингийн давхар гэнэт солигдож төөрвөл битгий гайхаарай. Та зүүдлээгүй, зүгээр л Chongqing-д аялж яваа болно.

Гүүрэн хот — Могойн чуулган

Тэнгэр дээр гүүр барьчихсан юм уу? гэлтэй гүүрний гайхамшиг гэдгийг энд л тодоор харж болно. Аварга том гүүрэн дээр машин явах бөгөөд түүний доор метроны зам байна. Түүний дор нь дахиад машин зам, тэрний доор машин зогсоол, тэрний доор нийтийн орон сууц, тэрний доогуур усан онгоц явж хажууд нь хүмүүс загас барина. Манай хотын ганц “дориун гүүр” болох Нарны гүүр нь одоо бодоход зүгээр л хүүхдийн “lego” тоглоом байсан ажээ.

Могойн чуулган шиг олон давхаралдсан ийм замаар явахад GPS хүртэл будилдаг байхдаа.

Гэсэн хэдий ч энэ хотын түгжрэл гэж зүгээр л гамшиг билээ. Нэмэлт гүүр, давхар гарц бол түгжрэлийг бууруулах шийдэл биш юм гэдгийг нэг жишээ :P /Жоохон улс төржчихлөө хэхэ/

Chongqing metro — Хот дотор аялах “галзуу хулгана”

БНХАУ метроны сүлжээний тоогоор дэлхийд тасархай тэргүүлдэг. Chongqing метро (CRT) этгээд сонин зохион байгуулалтаараа дэлхийд алдартай бөгөөд хотоо сурталчилдаг гол брэндүүдийн нэг юм билээ. Газар доороос метронд суугаад нэг мэдэхэд өндөр байшингийн оройтой зэрэгцээд явж байх юм!?! Байшингуудыг сүлжээд явж байх нь галзуу хулганад суугаад хотоор зугаалж буй мэт гэлтэй. Бас нэг сонин үзэгдэл нь Liziba ( 李子坝) хэмээх зогсоол жирийн нэг орон сууцны голд байрладаг. Танай гэрийн доор, амьдардаг байрны чинь 7-р давхарт метроны буудал бий гэсэн үг. Анх метроны зам төлөвлөж байхад “Замыг нь тойруулж хар ядаргаа болж байхаар ерөөсөө энэ байшинг дундуур нь нүхлээд л замаа татчихъя, Асуудал шийдэгдлээ… ” гээд л 2 Хятад тамхиа татах зуураа шийдэл зохиож байсан байхдаа.

Эртний хот

Монгол хүн Эргүнэ Гүн-ээс үүссэн гэж ярьдаг шиг нарийн яривал Хятад хүн Хөх мөрний ай сав Three Gorges хэмээх хавцлуудаас үүсэлтэй гэж ярьдаг юм билээ. Тэдгээр хавцлууд Chongqing хотоос холгүй бөгөөд хотын эргэн тойрон эртний дурсгал, тосгоны үлдэц балгас, Буддын зан мөргөлийн зүйлстэй газрууд маш олон. Миний дээр бичсэнчлэн maps.me бол зүгээр нэг чиглүүлэгчийн үүрэгтэй ажиллаж байгаа бөгөөд тухайн газарт очхийн тулд тойрч явахаас залхуураад шууд чигээрээ явахад жихүүцэл төрөм эзэнгүй балгас, эртний шавар байшингууд бүхий нарийн шатаар их явна. Хаа нэгтэйгээс золбин нохой гарч ирж дайрч магадгүй тул болгоомжлох хэрэгтэй. Хэрэв та нохойноос хурдан гүйдэг эсвэл ямар ч нохойтой тэрсэлдээд хормой бүтэн гарч ирж чаддаг бол асуудал биш.

Chongqing hotpot — 99 градустай халуун чинжүү

K-Pop соёлын хүчтэй давлагаанд болоод ч тэр үү Хятадууд Солонгосчуудад их ээлтэй. Хүмүүс намайг Хангуо гэж бодож өөдөөс “аннёнхасэюу” хэмээн мэндэлж их найзархана. Шинэхэн танилцсан 2 найз Chongqing hotpot-р дайлах санал байвал бадарчин би үнэгүй хоолноос яаж татгалзах билээ. Chongqing hotpot идээгүй л бол энэ газар ирсэнд тооцдоггүй гэсэн бөгөөд заавал идэж үзэх ёстой тэр хоол нь тийм л гоё юм байхдаа гэтэл яг үнэндээ идэж үнэхээр чадаагүй. Ёстой л хүний сайхан сэтгэлийн илэрхийлэл юмдаа гээд нулимс цийлгэнэ байж хоолойгоор давуулсан. Халуун ногооны нөлөөллийн тухайд гэвэл кимчи-нд дассан хошного хүртэл 2 хоног дараалж хорсож байв… :P

Одоо манай улсад хүчээ авч буй hotpot гээч зүйл нь уул шугамдаа энэ газраас гаралтай ба төв Хятадын Sichuan болон Hunan мужийн иргэд халуун ногоо хамгийн их хэрэглэдгээрээ алдартай. Амьд явсных амсаж үзсэн чинжүүний дээд рекорд-г тогтооё гэвэл Chongqing hotpot-г танд санал болгож байна.

Хөх мөрөн — Дэлхийн 3 дахь урт гол

Ази тивийн хамгийн урт гол Yangzte — 长江 буюу Монголоор Хөх мөрөн нь энэ хотоор дайран урсдаг бөгөөд бас нэгэн том мөрөн (Jialing River) мөн үүгээр урсаж тэдгээр нь энд ирж нийлдэг. Энэ 2 том мөрөн огтлолцохын өмнөх завсарт нэгэн хойг газар үүссэн нь Chongqing хотын төв (Yuzhong) дүүрэг. Огтлолцлын яг үзүүр дээр дэлхийн хамгийн өндөрт орших агаарын туннэл барьж буй юм билээ. Уг 2 том мөрөн нэгэндээ цутгахдаа өөр өөр өнгөтэй хилийн зааг үүсгэж буй нь маш тод харагддаг.

Энэ хотын гол бэлэг тэмдгүүдийн нэг агаарын вагон буюу Yangtze River Cableway нь жуулчдын заавал үзэх зүйлсийн нэг бөгөөд алдарт Хөх мөрөнг агаар дээгүүр байшингаас байшингийн хооронд зорчдог дүүжин амбаараар гаталж үзүүлэх юм. Суугаад явахад сааралтсан хотын дүр төрхийг алган дээр тавьсан мэт харж, тэндээс алгуурхнаар холдох нь нэн сонирхолтой. Хэрэв та үүгээр зорчихоор болбол төв дүүргээсээ хөдөлдөг чиглэл нь маш их оочертой байдаг тул нөгөө талаасаа ирэхийг зөвлөж байна. Үнэ: нэг талдаа 20 RMB, хоёр талдаа 30 RMB

Мөн Хөх мөрний завин аялал буюу Yangtze River Cruise-д бүртгүүлж эндээс Шанхай хот хүртэл байгалийн үзэсгэлэн дундуур аялах боломжтой юм билээ.

Chongqing хүмүүс — Улсын хамгийн царайлаг охидтой хот

Шинэ цагийн Хятадууд гадаад болон дотооддоо ихээр аялдаг болсон бөгөөд эх газрын муж, хот бүр тусдаа өөр улс шиг тус бүрийн онцлог зүйлстэй. 2 өөр газрын Хятад бидний хувьд хөндлөнгөөс харахад нэг л хэлээр ярьж буй мэт сонсогдох хирнээ яг үнэндээ ойлголцдоггүй байх нь сонин биш. За тэр ч яахав… Хятад хүмүүс нь өөрсдөө ч энэ газрыг онцгой хэмээн үзэж, олноор зорин ирдэг. Өөр газраас ирсэн тэдгээр аялагчид ч Chongqing эмэгтэйчүүд улсдаа хамгийн царайлагт үнэлэгддэг гэдгийг батлах юм билээ.

Энэ хот мөн эдийн засгийн чадавхаар ч мундаг гэж бичдэг. Цоо шинэ 99 ширхэг хайрцаг савтай Iphone 6s зүрх босгож, хайртай охиндоо сэтгэлээ илэрхийлээд бүтэлгүйтдэг Хятад энэ хотоос гаралтай шүү дээ.

Chongqing-д эд барааны үнэ өртөг Хятадын бусад хотуудтай харьцуулбал боломжийн хямд

Орк хот

Шинжэнь, Шанхай нар шиг барууны хэв маягтай хотуудаас бусад далайн эргээс хол газруудыг үндсэндээ хөдөө гэж ярих бөгөөд Хятадын эх газар гүн рүүгээ нэвчих тусам бидний томьёолж сураад байгаа “оркжилт”-ын ялгаа их гарна. Иргэд хаа таарсан газраа нулимаад л, гэдэс гүзээгээ гаргаж яваад л, нийтийн тээврээр чангаар орилж яриад л, автобусанд эсвэл ресторанд ер нь хаа ч хамаагүй тамхиа баагиулаад л… Тэрбум давсан олон хүн бүгдийг “соёлын довтолгоо”-нд хамрагдуулах амаргүй ажил байхдаа гэж бодогдоно. Машин яаж түгжирдгийг бид сайн мэдэх бол энд үзсэн бас нэгэн цоо шинэ ойлголт болох: “Хүнэн” түгжрэл гээч зүйлтэй энд танилцаж болно. Орц дүүрэн Хятадуудтай хамт хамт наашаа ч гүй, цаашаа ч гүй 1 цаг түгжрэхэд хорвоо ертөнцийн тухай ихийг бясалгаж амжина шүү :)

Амьдралын олон дүр

Олон хүнтэй хот л юм чинь талхчин, тариачнаас эхлээд гуйлгачнаас тэрбумтан хүртэл амьдралын бүх дүрүүд нэг дор байна. Газар орон бүрд сайхан сэтгэлтэй хүмүүс амьдардгийн жишгээр эндэхийн иргэд ч бас найрсаг. Зарим хүмүүс миний эрэлхийлж яваа зүйлийг цаасан дээр “Энэ хүн тийм зүйл хайж байгаа” гэж Хятадаар бичээд, май энийг ингээд үзүүлээд тийшээ яваарай гээд өгөх юм билээ. Хэл ойлголцохгүй хүмүүс нь цементен дээр чулуугаар газрын зураг хүртэл зурж өгнө, зарим хүний хайлангууд нь бүр дагуулаад явна гээч. Үнэхээр хэл мэдэхгүй бол очхийг хүссэн объектуудынхаа зургийг утсан дээрээ хадгалаад “Zhe ge zai nali?” /Энэ яг хаана вэ?/гээд үзүүлээд явбал нөгөө хүн юу гээд байгааг ойлгохгүй байсан ч хамаагүй бөгөөд хуруу заасан чигийг дагаад явбал зорьсон газраа олж очиж л таарна. Уйгагүй асуугаад байх нь чухал шүү :P

Hong Ya Dong

洪崖洞 та энэ үгээр google image-р хайгаад үзээрэй. Японы Ghibli-ийн Spirited Away хүүхэлдэйн дээр гардаг гэрлэн чимэглэлтэй сюрреалист байшингийн бодит амьдрал дээрх буулгац.

People’s hall — Бүгд хурлын их танхим

Бас нэгэн үзэх ёстой газар бол Great Hall of the People хэмээх Бээжингийн Тэнгэрийн сүмтэй ижил хэв загвартай барилга бий. Дотор нь орвол олон давхар бельэтажтай театр шиг хирнээ тэр нь цаанаа л нэг коммунист Хятад хэв шинжтэй байх нь сонирхолтой санагдана.

Дарга үг хэлээд дуусангуут заал нижгэнэтэлзэрэг алга ташдаг байх.

Times square-тай хот — New York хотын Хятад хувилбар

Бизнесийн төв болсон өндөр шилэн барилга бүхий дүүргүүд энэ хотод бас бий. Тэг дундаа Jiefangbei хэмээх хөшөөтэй түм бужигнасан гудамж байх бөгөөд түүнийгээ Times Square хэмээн нэрлэсэн юм билээ. Цадиг замбараагүй, маш бохир хот хэдий ч орчин үеийн дүр төрх, дэлхийн брэнд дэлгүүрүүдтэй бизнес хороолол ч энэ хотод байна.

Шөнийн Chongqing

Харанхуй болоход Chongqing хотын гүүрнүүд, шилэн барилгууд, эртний хийцтэй байшингууд, усан дээгүүр хөвөх усан онгоцнууд гээд бүгд бүр өөр өөрсдийнхөө гэрлэн чимэглэл “хувцсаа” өмсөж гангална. Тэнгэр баганадсан өндөр байшингуудын LED-ээр том том ханз дүрслэгдэж, тэр нь манангийн бүүдгэрт суунаглаж харагдахаар нэг л тийм фантастик мэдрэмж төрүүлнэ. Зурагчдаа! Камераа хөлтэйгөө аваад гараарай. Энэ бол зүүдний ертөнцийн буулгалтууд.

Dazu Rock Carvings — UNESCO-ын өв

Сүн-Үкүн, Тансан ламын үлгэр 7, 8-р зууны Тан улсын эрин үед болж буй үйл явдал гардаг билээ. Тэр цаг мөчид хүмүүс одоогийнх шиг олон зүйлд сатаардаггүй байсан тул Буддын шашин ид мандаж ваар сав, зураг, хөшөө дурсгал гэх мэт олон зүйлс одоог хүртэл өвлөгдөн үлджээ. Яг тэр үед бүтээгдсэн 10,000 орчим бурхдын чулуун сийлбэр бүхий түүх, шашны дурсгалт газар гэдгээрээ UNESCO-н өвд бүртгэгдсэн сүм Chongqing хотоос баруун зүгт бий.

Fengdu Ghost City — Сүнсэн хот

Хаа сайгүй л байдаг музей, үзвэр, мөргөлийн сүмүүдээс тэс ондоо энэ газарт аялагчид маш ихээр очдог бөгөөд хотоос зүүн хойд зүгт байрлана. Санаанд багтамгүй гаж зүйлсийг эндээс үзэж болно.

Three Gorges Museum — Хамгийн анхны “Үндэсний” музей

Дээр бичсэнчлэн Three Gorges гэх хавцлууд уг хотын бүсчлэлд хамрагдах бөгөөд төв музейн нэрийг ийнхүү нэрийджээ. Хятад үндэстний түүх болон төрт улсууд, мөнгөн тэмдэгтүүд, нийт үндэстэн ястнууд гээд олон төрлийн үзмэрүүд бий. Монголтой холбоотой хэд хэдэн зүйл ч мөн байсан шүү.

БНХАУ-д үндэсний тодотголтой бүх музейг пасспортоо харуулан үнэ төлбөргүй үздэг

Ciqikou — Эртний тосгон

Энэ хотод ирсэн хүн бүрийн заавал очих ёстой газар гэж зөвлөдөг юм билээ. Traditional village хэмээн нэрлэсэн хэдий ч үнэн хэрэгтээ түм бужигнаж, худалдаа наймаа цэцэглэсэн зах мэт санагдсан. Сонихол татаж байсан зүйл нь гэвэл олон 100 жилийн түүхтэй, эртний хийцээ хадгалж үлдсэн Хятад байшингууд байв. Урт цорготой данхнаас аяганд ус хийдэг бүжиг болон уламжлалт Бээжин дуурь зэргийг заавал үзэх хэрэгтэй.

Өндөрлөг — Дэлхийн хамгийн солиотой хотыг дээрээс тольдохуй

Олон аялагчид тухайн хотдоо очоод хамгийн түрүүнд юу хийх вэ? гэсэн асуултад: -Эхлээд хотыг алган дээр байгаа юм шиг бүхэлд нь харж болох өндөрлөгийг олж очин, дээрээс харж орчинтойгоо танилцана гэж хариулдаг. Ер нь ч энэ үйлдэл хамгийн түрүүнд байх албагүй ч заавал хийх чухал зүйлсийн нэг билээ. Chongqing хотыг өндөрлөгөөс тольдох тэр үе таны аяллын хамгийн сэтгэл хөдөлгөм мөч байх болов уу. Хотын бизнес дүүргийн өндөр шилэн барилгуудын оройд байрлах lounge-ууд эсвэл дээр бичсэнчлэн Cableway Car-т суусан ч хотыг дээрээс нь ажиглах боломжтой. Миний санал болгох газар бол Eling park (鹅岭公园). Шилэн барилгын дээд давхрын lounge-д тансаглах боломжгүй мөнгө хэмнэж буй бадарчдад яг л тохирсон газар.

Дотор газрын хот бүр өөрсдийн нэрийн пижү-тэй. Хотыг алган дээр тавьсан мэт харагдах өндөр цэгт очсоныхоо дараа Chong Qing нэрийн пижүг задалж, дэлхийн хамгийн солиотой хотод ирсэн үйл явдлаа заавал тэмдэглээрэй.

Хэрхэн аялах вэ?

Байр — Хятадын эх газар booking.com хамгийн өргөн хэрэглэдэг юм шиг санагдсан. Ихэнх буудлууд гадаадын иргэнд үйлчилдэггүй тул нэмэлт тайлбарыг сайн унших хэрэгтэй! Аялагчид өдрийн турш гадуур явж шөнө нь л зөвхөн унтах ор хэрэгтэй байдаг тул мөнгө хэмнэх хамгийн сайн сонголт нь нийтийн дорм бүхий hostel юм. 2 давхар орнуудтай, өрөөндөө 4, 6, 8 гэх мэт олноороо хоноглодог. Ганцаараа аялагчид бүгд ийм газар хоноглодог бөгөөд энэ нь хүмүүстэй танилцаж, тэдний аяллын сонин содонг сонсож үзсэн, үзэх ёстой газруудаа хуваалцах бас нэгэн давуу талтай. Тухайн hostel нь бясаа ч юмуу хаздаг шавжтай байх магадлалтай тул зориулалтын тос авч явахад илүүдэхгүй.

Алхах — Хятад хэл мэдэхгүй бол такси барих хэцүү. Такси авлаа ч замын түгжрэл болон хотын зохион байгуулалтын асуудлаас шалтгаалж зөндөө тойруу замаар явах магадлалтай. Тиймээс хамгийн ойрхон метроны буудалд буугаад “хоёр зээрд”-ийнхээ хүчинд л найдах нь хамгийн зөв болов уу. Тиймээс зөв гутлаа сонгоорой.

Аяллаа төлөвлөх — WikiTravel болон TripAdvisor вебсайтаар тухайн газрынхаа хамгийн түгээмэл зүйлсийг мэдэх хамгийн анхны алхам. Google болон тухайн газрын тухай хүмүүсийн бичсэн блог-уудыг хайж олж уншин, google image дээр ямар газар гэдгийг сайн харсны дараа тэдгээр цэгүүдээ map дээр хатгаж тэмдэглэнэ. Түүний дараа та ямар маршрут зохиохоо сайн мэдэж байгаа.

Эдгээр нь зөвхөн миний арга барил байсан буюу дээрх бичигдсэн тойм тэмдэглэл бол зөвхөн миний нүдээр харагдсан зүйлс бөгөөд өөрийн блог-оор дамжуулж Chongqing хэмээх санаанд багтамгүй галзуу солиотой зүйлсээр дүүрэн хотын өнгөцхөн хэсгийг л хуваалцаж байгаа нь энэ юм. Тухайн газарт хэрхэн яаж очих, хэдэн ₮ зардал гарах гэх мэтээр тодорхой бичихийг хүссэнгүй. Хүн болгоны зам, адал явдал өөр шүү дээ. Энэ хот таны аялсан газруудаас хамгийн онцгойгоор тэмдэглэгдэж үлдэнэ гэдэгт л итгэлтэй байна :)